Өрөө тасалгаанд хүн ажиллаж, амьдрах ба тодорхой үйл ажиллагаа явагдах үед дотор агаарын чанарын тохиромжтой нөхцөл зайлшгүй шаардлагатай болдог.

Тасалгааны зориулалт ба үйл ажиллагаанаас хамаарч дулаан, чийг, тоос, хортой бодис, уур, хий зэрэг нь янз бүрийн хэлбэрээр ялгарч тодорхой хэмжээнд хүрмэгц хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Жишээ нь: Хүн ажиллаж буй орчинд үйл ажиллагаанаас хамаарч хүнээс дулаан, чийг, нүүрс хүчлийн хий зэрэг ялгардаг байна. Дулаан, чийг зэрэг нь хүнд болон үйлдвэрлэлийн явцад зайлшгүй шаардлагатай зүйлс боловч хэмжээ нь хэтэрвэл хортой зүйл болдог.

Тохиромжтой агаарын чанарын нөхцөл хангасан тасалгаа нь хүмүүсийн эрүүл ахуйг болон үйл ажиллагаа хэвийн өрнөх боломжийг бүрдүүлдэг байна.

Тасалгааны агаар сайн болон муу гэдгийг хэрхэн дүгнэх вэ?

Тасалгааны агаар сайн байна гэдгийг тодорхойлж хэлэхэд хэцүү зүйл юм. Үүнийг илэрхийлэхэд нөлөөлөх олон хэмжүүр бий. Үүнд: Гэрэл, бохирдол, температур, чийгшил, дулаан ялгаруулалт, нэвт салхилалт, хувцаслалт, гадаах температур гэх мэт…

Та мэднэ дээ? Хэдий нэг өрөөнд хамт сууж байсан ч нэг хүнд тасалгааны орчин нь тухтай санагдаж, харин нөгөө хүнд тухгүй санагдах тохиолдол байдаг. Энэ нь тэд тус тусын тухтай байдал мэдрэх төрөлхийн өөр өөр мэдрэмжтэй гэсэн үг юм.

Температур бол тухгүй байдал үүсгэх том шалтгаан болдог.

Энэ талаар хэд хэдэн судалгаа туршилт хийсний үр дүнд тасалгааны агаар аль ч түвшинд байсан хүмүүсийн 5 хувь нь өрөөний дотор агаарын чанарт сэтгэл дундуур байдаг гэсэн үр дүн гарсан.

Доорх графикаас та өрөөний температур болон тухайн хүний тухтай байх температурын зөрүүний хамаарлыг харж болно.

Бидний амьдралд дотор агаарын чанар хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид амьдралынхаа 90%-ийг ямар нэг барилга, сууцанд өнгөрүүлдэг байна. Унтахдаа, хоол идэхдээ, ажил дээрээ, мөн фитнесс, бассейн, дэлгүүр, кино театр гэх мэт.

Агаарын чанар сайн байх нь тав тухтай унтаж амрахад туслана, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ, харшил үүсгэгчдийг багасгана, амьсгалын замын халдварт өвчний эрсдлийг бууруулна, …

Тохиромжтой температур бүрдүүлсэн үе ба тохиромжит температураас халуун эсвэл хүйтэн байх үед бидний ажлын бүтээмж том ялгаатай байдаг.

Энэ нь бидэнд өрөөний температураа хянах нь ямар чухал болохийг харуулж байна.

Тэгвэл хэрхэн тасалгаанд чанартай агаар бүрдүүлэх вэ?

Өрөө тасалгаанд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй мөн үйл ажилгаагаа хэвийн өрнүүлэх нөхцөлийг хангахын тулд агаар сэлгэлтийг зохицуулах хэрэгтэй

Агаар сэлгэлт гэдэг нь өрөө, тасалгаанаас бохирдсон агаарыг зайлуулж, цэвэр агаар оруулахыг хэлнэ. Үүний зорилго нь өрөөнд шаардлагатай үзүүлэлт бүхий агаарын орчин бүрдүүлэх юм.

Агаар сэлгэлтийн системийн үндсэн шаардлага:

  1. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага буюу тасалгаа, цех тасгийн доторх агаарын орчин нь хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцөлд бүрэн нийцсэн байх.
  2. Технологийн шаардлага буюу үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах агаарын орчинд бүрэн нийцсэн байх.

Дараагийн мэдээнд агаар сэлгэлтийн системийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.